“Зодуурын хүүхэд” ЗОРИГТЫГ золигт гаргах эсэхээс л харагдана
Хуучин хугийнхан ирэх сонгууль хүртэл үзээгүй зовлонгоо үзэх нь бололтой. Зовлонгоо гаталж чадахгүй бол сонгуулиар сүйрнэ. Ийм л дүр зураг өдөр ирэх тусам харагдаж байна. Яах гэж намынхаа нэрийг сольсон юм, энэ У.Хүрэлсүх “золиг”. Энэ дундуур чинь л Н.Энхбаяр гэдэг хар муур гүйж эхэлсэн шүү дээ. Хүмүүс Н.Энхбаярыг сайн улс төрч гэдэг. Өнгөрсөн багахан цаг хугацаанаас харахад үнэхээр гайгүй юм шиг байна. Тэр улс төрийн тоглолтыг хийж чадаж байна. МАН-ынхан МАХН нэрнээсээ салсны улс төрийн хамгийн том үр дагавар нь 2012 онд сонгуулиар ялагдах. Ер нь бол өнөөдрөөс эхлээд Ардын нам гэж дуудах хэрэггүй. Шууд л “Хуучин ху нам” буюу ХХН гэж томьёолох, ингэж дуудах, бичих хэрэгтэй. Ингэх нь тэдэнд хэрэгтэй. Энэ бол сэтгэлээсээ өгч буй зөвлөгөө. Энэ мэтийн арга хэмжээ авч саармагжуулахгүй бол Н.Энхбаярын хувьсгалт намынханд алуулна шүү.
Тэр нэг Х үсгээ авч хаясан их хурлаас нь хойш өнөөдрийг хүртэл ер нь юу юу ч болов. Тавилан дээрх нүүдлийг нь хараад байхаар Н.Энхбаярыг хуучин цэргүүдээс нь ямар олон хүн далдуур туслаж дэмжиж байсан юм. Түүнд нь тэр ямар их эрч хүч, урам зориг авч байсан юм. Ер нь өөрөөсөө хэзээ ч урвахгүй сайн эрсийг дэргэдээ цуглуулсан хүн байна шүү. Ухаандаа өнөөдөр Их хуралд сууж байгаа, бараг хууль зүйн байнгын хороонд нь байна уу даа нэг нөхөр анхнаас нь л “Хоёр нэртэй нэг нам байж болохгүй шиг, нэг нэртэй хоёр нам бас байж болохгүй шүү. Н.Энхбаяр даргад МАХН нэрийг нь өгөхөөс өөр аргагүй дээ” хэмээн хуулийнхныг лоббидох ажиллагааг өдөр шөнөгүй хийж байсан нь өнөөдөр ил тодорхой болж байна. Гэвч гэмгүй царайлаад хуучин ху-даа явж байх жишээтэй. Иймэрхүү “сумаа тавиад нумаа нуусан” нөхөд энэ намаар дэндүү олон байгаа нь сонгуулийн тойргууд тодорхой болох үед дэлбэрэлт гарах шалтгаан болж байх шиг. Сонгуулийн хууль ч өнөөдрийн байгаагаараа явах нь тодорхой болох шиг боллоо. Наана нь жаал марзагнах биздээ, өөрчлөх гэж байгаа юм шиг царайлцгааж. Үүнийг нь гарын арван хуруу шигээ мэдэж буй Н.Энхбаяр дэндүү сайн шантааж хийж байна. “Ирэх сонгуулиар энэ нам ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж У.Хүрэлсүхийн хэлсэн нэг сайн үг бий. Нэг намын өмнөөс нэг хүн хариуцлага хүлээнэ ч гэж юу байхав. Намаа алж хаячихаад бараа бологчдоо дагуулаад зайлна л биз. Гэхдээ У.Хүрэлсүх улс төрчийн хувьд цэг тавьж байгаа нь тэр болно. Улс төрийн үхдэл болно гэсэн үг. Харин У.Хүрэлсүх хэзээ ч тийм болохыг хүсэхгүй. Түүн шиг улс төргүйгээр амьдарч чадахаа байчихсан хүмүүс бол ямарч найралдаан, хор жорыг хийж мэднэ. Энэ нь яаж харагдаж байна гэхээр Н.Энхбаяртайгаа эвсэхээс өөр аргагүй байдлаас харагдаж байгаа юм.
Эдний улс төрийн амбицыг эх орны эрх ашгийн төлөө, үзэл бодлын уралдаан, нэгдэл найрамдлаар ойлгож болохгүй. Үүн шиг худлаа юм байхгүй. Жишээ нь У.Хүрэлсүхийг улс төрөөс холдож чадахгүй шалтгааныг эдийн засгийн утгаар нь харах хэрэгтэй. Бусдыг нь ч гэсэн. Ху-гийнхны сонгуульд ялахын төлөөх улс төрийн өрсөлдөөн бол эдийн засгийн эрх мэдлийн төлөөх алалцаан шүү дээ. Улсын төсөв гэдэг том мөнгө, том эдийн засаг. Үүний төлөөх л алалдаан. Мэдээж манай улсын төсөв, улс төрчдийн эрх мэдэл жижиг л дээ. Юу гэж л Америкийн улс төрчид шиг зэвсгийн үйлдвэрлэлийн 100 тэрбумыг ямар компанид өгөх үү, сансарын орон зайн төслийн 200 тэрбум ам.долларыг аль компанид өгөх вэ гэсэн аварга эрх мэдлийн төлөөх тулаан байхав. Гэхдээ л энэ удаагийнх чинь Оюу толгой, Таван толгой… гээд эхлэх хэдэн зуун сая ам.долларын төлөөх сонгууль. Ийм эрх мэдлийн төлөө тэд эхнэрээ хоорондоо солилцохоос ч сийхгүй. Ийм том эрх мэдлийн төлөө л хуучин ху-гийнхан сонгуулийн өмнө хувийн муудалцаан, өс хонзонгоо хойш тавьж нэгдэж нягтарч орно гэж хэлээд байгаа юм. Ийм том эрх мэдлийн өрсөлдөөний өмнөх Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх… нарын тулаан юу ч биш байх аа. Тэд ийм чухал сонгуульд ялах нь л чухал. Ер нь ч тэгээд хэзээнээсээ ийм юмны амт шүлтийг мэдэх хуучин ху-гийн гишүүдийн хүмүүжил, төлөвшил нь (нийтлэг эрх ашиг нь юм) хувийн амбицуудаа дарж байж хоолтойгоо үлдэнэ гэсэн нэгдмэл ойлголтоор илэрдэг. Үүгээрээ сахилга баттай нам болж харагддаг. Үндсэн мөн чанар нь ерөөсөө л энэ. Чи ингэхгүй л бол гудамжинд гарна гэдгийг намын дарга нар нь шууд хэлнэ. Дэргэд нь Ардчилсан намынхан хувийн амбицаа огтхон ч барихгүй шүү дээ. Намаа юу ч биш болгодог. Өөрийгөө өндөрсөгөхийн тулд намынхаа нэр хүндээр нааддаг хүмүүс. Гэхдээ Ардчилсан намд хамаатуулах нэг үнэн бол үзэл бодлын өрсөлдөөн, улс төрөөр улс орныг засах гэсэн зарчим яриад байдгаараа ялгарна.
Хуучин ху-гийнхны эдийн засгийн эрх мэдлийн төлөөх энэхүү нэгдэл нягтралын үйл ажиллагаа нь удахгүй мэдэгдэх шинжтэй. Жишээ нь зодуурын хүүхэд Д.Зоригтийг золигт гаргах эсэхээр илэрнэ дээ. Н.Энхбаяр үнэхээр хүчтэй эргэж ирж байгаа нь үнэн юм бол Н.Энхбаяртай арсалдсан хүн яадгийг харах үзүүлэн болгож ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцоруулна. Яг өлгүүлсэн шаазгай шиг болгоно, түүнийг. Өлгүүлсэн шаазгай гэж юуг хэлээд байгааг тайлбарлая. Гэр дээр дэлгэж тавьсан ааруул шүүрээд байгаа шаазгайнуудын нэгийг нь буудаад өлгөчихдөг юм. Өлгөсний дараагаас шаазгайнууд шагшираан шуугиан болж болж зугтаад алга болдог. Дахин эргэж ирдэггүй. Үүн шиг л үзүүлэн болгоно доо, Д.Зоригтыг. Д.Зоригт бол Н.Энхбаярын аазгайг мөн ч их хүргэсэн хүн. Н.Энхбаярыг том байхад газрын дарга Д.Зоригт гэж жаахан хүү зөвлөх Цогтбаатараар нь дамжуулаад түүнд тоогдчих санаатай өрөөний үүдээр нь гүйгээд байдаг, Н.Энхбаяр “Энэ нэг бацаан чинь хэн билээ” гэхээс цааш хэтэрдэггүй байсныг олон хүн мэднэ. Гэтэл түүнийг өндөр сэнтийгээс нь буулгасны дараахнаас өст дайсан С.Баяр нь өнөөх жаалыг өөд нь татаж, гол салбарынхаа сайд болгож Оюу толгой… энэ тэрд Н.Энхбаярын эрх ашгийг хуу хааж, томруулсан л даа. Тийм болохоор тэрбээр эхлээд Д.Зоригтыг, тэгж байгаад бусдыг нь гэсэн төлөвлөгөөтэй яваа. Д.Зоригт бол С.Баярт хүний санаанд багтамгүй их мөнгө авчирч өгсөн салбарынх нь сайд л даа. Өөрөө ч болоод явчихсан. Их хуцвал Н.Энхбаяртай үзнэ гэх байлгүй.
Эгдүү хүрэм дүр зураг харагдаад байх юм, энэ намын ирээдүйгээс. Явж явж Хү, Сү хоёр нь байхгүй болж эцэстээ С.Баяр, Н.Энхбаяр хоёр эвсэж сүйд болно. Энэ эвлэрэл нь тэгээд их удахгүй, ирэх 2016 онд байх бий дээ. Угаасаа араг яс нь коммунист энэ намын толгойд ямарч толгой гараад нэмэргүй. Их биенээсээ салаад явчихдаг толгой эргэж ирж л таарна. Жишээ нь Н.Энхбаяр байна шүү дээ. Дээр нь өнөөдрийн улс төр дэх өмчийн түвшин гэж юм байна. Үзэл бодлоосоо илүүтэй өмчийн түвшингээрээ тэд найрсан зохицоцгооно. С.Баяр чинь Н.Энхбаяраасаа дутахгүй мөнгөтэй болсон. Ямар С.Баяртай Бат шатар нүүх гэж байгаа биш. Н.Энхбаяр юм чинь. Хоёулаа л Монголын эд баялгаар тоглосон хүмүүс. Ингэхээр инээлдээд, гар бариад нийлж буй зураг хэвлэлүүдээр тарах цаг ойрхон ч юм шиг.
Хуучин ху нарт улс төрийн зовлон үзсэн нь бага. Ялагдаж, яадгаа алдаж, Ардчилсан намынхан шиг зовлон дотроос босч ирэх гэж үйлээ үздэгийг тэд бараг мэдэхгүй дээ. Босч ирээд дайсан байсан хүмүүс хэрхэн нэгдэж нийлдэг… гэхчлэн юмнууд байдгийг тэд одоо л үзэх гэж байх шиг байна. Зарим нэг хүмүүс 1996 оныг ярих л байх. Тэгэхэд ёстой Хувьсгалт намын бид нар хуйгаараа гудманд гарч… гээд л. Худлаа л байхгүй юу. 1996-2000 он бол хуучин ху-гийнхны хувьд эрх баригчдаасаа илүү эрх мэдэл эзэгнэсэн он жилүүд байсан юм. Өглөө нь ажилдаа ирж нэгнийхээ өрөөнд хор найруулаад л Засаг огцруулдаг. Эх орон, ард түмнээ өчүүхэн ч бодоогүй өөдгүй гарууд. Н.Багабанди энэ тэрийн яаж аяглаж байсныг санаж байгаа биздээ.
П.ХАШЧУЛУУН
Өдрийн сонин
