© Tseg.mn. 2011-2022
Улс төр

АМГТГ-ын даргыг томилоогүй байна

Ашигт малтмал, газрын тосны газар даргагүй байна. Тус газрын дарга Х.Хэрлэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд УБТЗ-ын даргаар томилсон юм. Мөн тус газрын дэд дарга Б.Эрдэнэбаярыг нийслэлд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан хариуцлага тооцож чөлөөлсөн учир энэ албан тушаал мөн л эзэнгүй байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай мэдээлэл тархаж, сайдад горилогчдын нэрс ч хэдийнэ ил болжээ.  Давхар дээлгүй сайдуудаа чөлөөлж, УИХ-ын гишүүдээс сайд томилох зөвшилцөл Төрийн ордонд өрнөж байна. Энэ яриа тохироо бүрэн дууссаны дараа л АМГТГ-ын шинэ даргыг томилох бололтой. Одоо Засгийн газрын бүрэлдэхүүнд 17 сайд бий. Цахим хөгжлийн болон Эдийн засаг, хөгжлийн сайдуудыг томилсноор нийт 19 сайдтай болох юм. 

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан.

Ингэснээр дээд тал нь дөрвөн гишүүн л давхар дээлтэй буюу хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгчийн үүргийг хамтад нь хэрэгжүүлэх болсон юм. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд дээрх заалт  Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Үндсэн хуулийн оршил: 
Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Энэ талаарх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ. Өнгөрсөн сарын 27-нд товлосон хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилж, тов гараагүй байна. Энэ хуралдааны шийдвэр, шийдвэрийг УИХ хүлээж авах, эсэх байнгын хорооны хуралдааны дараа л шинэ сайд нарын томилгоо эцэслэх нь.  

Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар давхар дээлтэй байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..