© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

" Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлвэл ЗГ эрсдэл үүрэхгүй"

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны зээл эргэн төлөгдөх найдлагагүй болсон гэх мэдээлэл байгаа талаар холбогдох гишүүдээс асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

–Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банк 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус банкны удирдлагаар ажиллаж байхдаа шүүхэд өгөх ажлыг эхлүүлж байх үед Хөгжлийн банк Сангийн яамны мэдэлд шилжиж таарсан юм байна лээ. Нийт 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөгийн асуудал байна. Үүний цаана дахиад 13 зээлдэгчийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал ч бий. Сангийн яам тухайн үед хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, прокурор, АТГ-аас зөвлөгөө авч, чанаргүй зээлдэгчдийг шүүхэд өгсөн. Энэ ажлыг цаашаа эрчимжүүлэх ёстой. Тайвширч болохгүй. Гэхдээ УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа учраас үүн дээр анхаарал тавьж ажиллана. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цаашид Засгийн газар Хөгжлийн банкны муу зээлүүдтэй ажиллах шаардлага улам чангарна. Шүүхэд өгч амжаагүй материалуудыг гүйцээгээд, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Өмнө нь зээл олгох үед эрсдэлийг дутуу тооцоолсон учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн. Хэрэв зарим зээлүүд нь төлөгдөхгүй бол Засгийн газрын баталгаатай гадаад өрүүд дээр эрсдэл үүснэ. Тиймээс авсан зээлийг нь заавал эргэн төлүүлж байж  Засгийн газар эрсдэлийг өөрөөсөө холдуулна.


ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнгөрсөн Баасан гариг /2022.01.28/-т дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр "Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал хүнд байна. Монголбанкнаас манай банканд шалгалт хийхэд 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй зээлийн ангилалд оруулсан. Мөн 200 тэрбумын зээлийг эргэлзээтэй гэх ангилалд багтаасан. Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк. Энэ утгаараа зохих арга хэмжээг авч байна. Нийтдээ 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шүүхэд өгсөн. Банк ил тод, шударга ажиллах ёстой гэх зарчмынхаа хүрээнд эдгээр мэдээллийг вебсайтдаа байршуулсан. Одоогоор бид зээлдэгч нарт зээлээ төлөх шаардлага хүргүүлж байна. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдлээ.

Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит банк. Бусад арилжааны банкуудаас бодлогын банк гэдгээрээ ялгаатай. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хадгалдаггүй. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр эдгээр зээлүүд төлөгдөхгүй бол нөгөө талдаа манай банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадаад өр, төлбөрт төлж, алдагдалтай ажиллана. Хэрвээ эдгээр зээл төлөгдөхгүй ирэх жилд төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол Засгийн газар эдгээр зээл төлөгчдийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. 2012 оноос хойш цугласан зээлийн асуудал яригдаж байна. Хамгийн анх 200 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бий болсон. 2012-2016 онд 990 тэрбум, 2017 оноос хойш 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй болсон. Энэ хугацаанд зээл төлөгдөхгүй удахаар барьцаа хөрөнгийн чанар алдагдаж байна. Бидэнд шууд барьцааг нь хурааж авах эрх байхгүй. Заавал шүүхээр шийдэгдэнэ.

Манай банканд 66 зээлдэгчийн 74 зээлийн актив бүртгэлтэй байна. Энэ бүгд дээр бид дахин шалгалт хийж байна. Өчигдөр чанаргүй зээлтэй холбоотой бүх материал, шийдвэр гарсан процесс, баримт бичгүүдийг АТГ-т шилжүүлсэн.  Манай банк цаашдаа хоёр чиглэл барьж ажиллана. Нэгдүгээрт, "Шинэ сэргэлтийн бодлого"-оор тодорхойлсон 20 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд оролцоно. Хоёрдугаарт, экспортыг дэмжих төслүүдийг санхүүжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..