© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Б.Жавхлан: Төр өөрөө үүсгэсэн чанаргүй зээлдээ хариуцлагаа хүлээх ёстой

Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

 

Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар энэ удаад хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ. Чанаргүй зээлдэгчид нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 201 тэрбум төгрөг төлөгдлөө. Засгийн газар Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарсан нь тус банканд буй хойтон төлөгдөх хоёр бондын асуудал бий. Евро бонд 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр төлөгдөх 500 сая доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөг юм. Мөн хойтон арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иен буюу самурай бонд юм. Өнөөдрийн иений ханшаар 713 тэрбум төгрөг. Үүнээс Самурай бондод онцгой анхаарах шаардлагатай байгаа. Учир нь Засгийн газрын баталгаатай бонд юм.

 

Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газар үүнийг төлж таарна. Энэ эрсдэл төсөв дээр ирж, тэр хэмжээгээрээ татвар төлөгчдийн ачаа хүндэрнэ. Ийм эрсдэлтэй нүүр тулахгүйн тулд энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн чанаргүй зээлдэгчдийн өрийг яаралтай, зайлшгүй төлүүлэх шаардлага тулгарсан. Цаг хугацааны хувьд арванхоёр болон зургадугаар сард аудитын шалгалтаар тайлан балансад оруулна. Хэрэв энэ банк эл шалгалтаар муу үнэлгээ авбал, Хөгжлийн банкийг татан буулгана. Чанаргүй зээлийг амжилттай барагдуулж чадвал хойтон дахин санхүүжилт хийж, самурай бондоо хугацаанд нь төлөх боломжтой болох юм. Тиймээс энэ онд Хөгжлийн банзны чанаргүй зээлдэгчдийн зээлсэн мөнгийн дор хаяж 50 хувийг төлүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байгаа. Эс чадвал олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ. Тэгэхээр зөвхөн Хөгжлийн банкны бус дампуурал болох эрсдэлтэй.

 

Самурай бондыг урьдчилан төлөх чиглэл өнөөдөр өглөө. Үүний дагуу Хөгжлийн банканд чиглэл өглөө. Өнөө маргаашдаа иений савлагаа их байна. Өмнөх тооцоогоо 750 орчим тэрбум төгрөг гэсэн тооцоо байсан бол өнөөдрийн тооцоогоор ханш унаж, 730 орчим тэрбум төгрөг болж ханшийн зөрүү үүсч байна. Зээлээ төлөөд эхлэхээр бид хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй байх боломжтой.

 

Хөгжлийн банканд ойрын өдрүүдэд цуглах авлага 260 тэрбумд хүрэхээр байгаа. Энэ нь Самурай бондын 37 орчим хувь юм. Энэ жил 800 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлнэ гэсэн тооцоотой байгаа. Тэгэхгүй л бол бидний жилийн эцсийн баланс гүйцэхгүй. Нэгэнт Засгийн газар өөрийн мэдлийн Хөгжлийн банканд эрсдэл үүсгэж, чанаргүй зээл үүсгэсэн бол төр ч гэсэн үүргээ биелүүлэх ёстой. Төр өөрөө үүсгэсэн чанаргүй зээлдээ хариуцлагаа хүлээх ёстой” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..