© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Агаарын бохирдол хүүхдийн оюуны түвшинг бууруулдаг

Гэртээ зөөврийн агаар цэвэршүүлэгчтэй байх нь агаарын бохирдлын таагүй нөлөөнөөс болж хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх нөлөөллийг бууруулж, оюун ухааны түвшин багасахаас сэргийлдэг болохыг Канадын Саймон Фрейзерийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

MedicalXpress-ийн мэдээллээр, мэргэжилтнүүд жирэмслэлтийн үе ба агаарын бохирдлын хоорондын холбоог судлах нэгэн судалгаа явуулсан байна. Судалгаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг 540 жирэмсэн эмэгтэй хамрагджээ. Оролцогчид 18-аас доош долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд тамхи татдаггүй, өмнө нь гэртээ агаар шүүгч төхөөрөмж ашигладаггүй байжээ. Оролцогчдыг санамсаргүй байдлаар хяналтын бүлэгт, эсвэл өндөр үр дүнтэй (HEPA) шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч олгох өөр нэгэн бүлэгт хуваасан байна. Хоёр дахь бүлгийн эмэгтэйчүүдэд жирэмсэн байх хугацаандаа төхөөрөмжийг тасралтгүй ажиллуулахыг зөвлөж, хүүхэд төрсний дараа төхөөрөмжийг нь хураан авсан аж.

Дөрвөн жилийн дараа эрдэмтэд хүүхдүүдийн оюун ухааны түвшний бүрэн хэмжээний коэффициент (FSIQ)-ийг хэмжжээ. Гэтэл агаар цэвэршүүлэгч хэрэглэж байсан ээжүүдээс төрсөн хүүхдүүдийн FSIQ-ийн дундаж үзүүлэлт хяналтын бүлэгт багтсан хүмүүсийн хүүхдүүдээс 2,8 баллаар илүү байв. Түүнчлэн энэ бүлгийн хүүхдүүд аман яриа ойлгох индексийн дундаж үзүүлэлт арай илүү байжээ.

Канадын эрдэмтдийн явуулсан судалгааны үр дүнд, жирэмслэлтийн явцад агаарын бохирдолд бага өртөх нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулдаг нь тогтоогдсон аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..