© Tseg.mn. 2011-2022
Спорт

П.Сайнзориг: Допингийн хариу бүгд ирсний дараа нийтэд мэдээлэхгүй бол хардлага сэрдлэг үүсдэг

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон сур харвааны 16 мэргэнээс допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. Үүний дагуу нийт допингийн шинжилгээнээс 77 хариу одоогийн байдлаар гараад байгаа бол үлдсэн гурвых нь хариу гарснаар нийтэд ил тод мэдээлэх талаар албаны эх сурвалжууд мэдээлэсэн. Тэгвэл сүүлийн үед допингийн шинжилгээний хариу задарсан гэх мэдээлэл байгаа ба долоон бөхөөс допинг илэрсэн, тэр дундаа аварга цолтноос допинг илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Энэ МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас  тодруулахад "Орон нутагт явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй, допингийн шинжилгээний хариу зөвхөн Үндэсний их баяр наадмын комисст ирдэг тул хариуцсан газраас асуух нь хэрэгтэй” гэв. 
Тиймээс Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
-Долоодугаар сарын 12-ны өдөр бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Яагаад нийтэд зарлахгүй байна вэ?
-Баяр наадамд зодоглож цол авсан 64 бөх болон шилдэг 16 харваачаас авсан шинжилгээний сорьцыг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатрид илгээсэн. Одоо гурван бөхийн шинжилгээний хариу гараагүй байна.

-Ямар гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй вэ?
-Нэрийг нь зарлаж болохгүй. Нөгөө талаас хувь хүний эрүүл мэндийн мэдээлэл нууцын зэрэгт хамаардаг.

-Хариу нь ирсэн бөхчүүдийн шинжилгээний дүнг эхнээс нь зарлаж байж болохгүй юу. Удаан хүлээгдэх тусам хардлага үүсээд байна шүү дээ?
-Бүх шинжилгээний хариу ирсний дараа олон нийтэд зарлана. Хагас дутуу зарлахад хардлага сэрдлэг үүсдэг, хэл ам гардаг учир хариу бүрэн ирэхийг хүлээж байна.

-Допингийн шинжилгээний хариу яагаад ингэж уддаг юм бол. Сорьц авахдаа хариу нь хэд хоногт гарахыг хэлдэггүй хэрэг үү?
-Допингийн эсрэг үндэсний төв Солонгосын лабораторитой гэрээ байгуулсан. Лаборатори нь ачаалал ихтэй байдаг юм болов уу, мэдэхгүй. Бид бол ирсэн хариуг зарлах үүрэгтэй.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..