© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Төрийн далбаа буруу харуулан барьж зогссон ОХУ-ын модель дэлхийн тэмцээнд хууль ёсны зөвшөөрөлгүй Монгол Улсыг төлөөлөн оролцсон байж болзошгүй байна

Орос, Украины дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон Оросын тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлдөх болсон. Үүний нэг жишээ нь  ОХУ-ын Якутын  модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож буй билээ.
Учир нь Елена Егорова өөрийн инстаграм хуудсандаа “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох болно. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан. Энэ боломжийг олгосон орчлон ертөнцөд талархаж байна” хэмээн бичжээ. Харин тэмцээний танилцуулгад “Би оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьсан байна.
Тэгвэл энэ талаар Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр зохион байгуулж “Miss International”, “Miss Intercontinental”, “Top Model of the World” зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах эрхийг эзэмшдэг “Мисс Монголиа Холбоо”-ноос тодруулахад “Энэ манай франчайз эрхтэй тэмцээн биш тул ямар нэгэн мэдээлэл алга байна. Манай холбоо нь дэлхийн топ 3-н тэмцээний нэг Miss International болон нэр бүхий 10-аад тэмцээнд Монголоос оролцогч илгээдэг. “Манай холбооноос өөр хэд хэдэн газар болон хувь хүмүүс байдаг.
Гэхдээ ямар ч газар оролцогч тодруулахад олон улсын тэмцээнд Монголын нэрийг төлөөлж байгаа бол Монгол оролцогч л явах ёстой” гэсэн юм.
Түүнчлэн Оросын ЯСИА сайтад дээрх үйл явдлын талаар дурдахдаа  “Якутын алдарт загвар өмсөгч, "Цасан гоо бүсгүй" цолны эзэн Елена Егорова Индонезид болж буй "Miss Grand International" олон улсын гоо сайхны тэмцээнд оролцож байна. Якутын эмэгтэй Монгол Улсыг төлөөлж байгаа нь анхаарал татаж байна. Охины тайлбарласнаар эцэг эх нь өмнө нь Монголд амьдарч байсан бөгөөд 40 жилийн өмнө Орос руу нүүж иржээ” хэмээсэн байна. 
Оросын зарим хэвлэлийн мэдээлснээр  Орос Украины мөргөлдөөнөөс үүдэж Оросын тамирчид өөрсдийн нэр дээр олон улсын тэмцээнд оролцож болохгүй гэсэн байгаа. Гэвч Елена Егоровагын оролцож буй Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд энэ жил Орос улсыг Катерина Асташенкова төлөөлөн оролцож буй юм. Уг тэмцээн нь "Мисс Интернэшнл" гэх мэт тэмцээнүүдийг хамтатгасан дэлхийн  томоохон тэмцээний нэг аж.
Иймд Монгол Улсын төрийн далбааг буруу харуулан барьж зогссон ОХУ-ын Якутын модель Елена Егорова олон улсын тэмцээнд хууль ёсны зөвшөөрөлгүй Монгол Улсын нэрийг төлөөлөн оролцсон байж болзошгүй байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..