© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр 10 жилийн хорих ял сонссон Ч.Мөнхбаярын ялыг хэвээр үлдээлээ

Түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Төрийн болон албаны нууцтай холбоотой” үндэслэлээр хаалттай явуулсан болно гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..