© Tseg.mn. 2011-2022
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажлын айлчлал хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцоход энэхүү айлчлалын зорилго оршиж байгаа юм.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-той хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассамблейн Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Ким Дү Гван, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.  

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их сургуулиас Сөүл хотноо хамтран зохион байгуулах “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцоно.

“Бан Гимүн” сангийн зорилго нь НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийн төлөө НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны олон амжилт, гүн ухааныг үргэлжлүүлж, цаашид хөгжүүлэх, харилцаа холбоо, зэрэгцэн орших, үнэнч байдал, эв нэгдлийн үнэ цэнийг ухамсарлаж, зөрчил, дутагдалгүй сайхан ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.

Сан нь Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар илүү сайхан ирээдийн төлөө эрдэм шинжилгээний судалгаа, бодлогын санал гаргах; НҮБ болон олон улсын төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллах, солилцох; Залуучууд, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө ирээдүйд чиглэсэн үнэт зүйлс, алсын харааг бий болгох үйл ажиллагаа явуулах зэрэг эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..