© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэй өөрөө шүүхэд хандаж, ял авчээ

Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох ажлын байрны бэлгийн дарамтны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Учир нь түүний эсрэг мэдүүлэг өгсөн, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэй С мэдүүлгээсээ буцаж, тийм зүйл болоогүй гэх мэдүүлэг өгсөн нь Ц.Анандбазарыг цагаатгахад хүргээд байна.

Эл эмэгтэй мэдүүлгээсээ буцаад зогсохгүй Худал мэдүүлэг өгсөн хариуцлага хүлээе хэмээн өөрөө сайн дураар шүүхэд хандаж, улмаар шүүхээс ял сонсжээ.

Тодруулбал, 2022 оны долоодугаар сарын 04-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, зургаан сая төгрөгөөр торгож, уг торгуулийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргасан байх юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэрэг цагдаа, прокурорт маш удаан хугацаанд гацсаны эцэст ийн хэрэгсэхгүй болж байна. Үүний ард Ц.Анандбазар хохирогчтой тохиролцсон байж болзошгүй гэх том хардлага үлдэж байна.

Энэ талаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өчигдөр төрийн ордонд тайлбар хийхдээ "Их эрт хэрэгсэхгүй болох хэрэг шүү дээ. Хэрэг юу байх вэ энэ бол олон хүний оролцоотой, олон тэрбумын захиалгатай гүтгэлэг байсан. Та бүхэн ч итгэж байсан, Монголын ард түмэн ч итгэж байсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэр боллоо.Хүн гүтгэнэ гэдэг хамгийн том нүгэл байдаг. Болж өгвөл сэтгүүлчид та бүхэн үнэн мөнд тулгуурлаж, аливаа зүйл бичиж байхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна" хэмээн ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..