© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс тавантолгой”-д авсан онцгой дэглэм “Эрдэнэт”-ээс тэс өөрөөр явагдана

Засгийн газрын өнөөдөр /2022.10.26/-ийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан байна. Тус онцгой дэглэмийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

 “Эрдэнэс тавантолгой” ХК-д энэ оны сүүл гэхэд 500 сая ам.доллар, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг, чиглэл өгөгдсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниудад борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүл оруулж ирэх үүргийг өгсөн байдаг.

“Эрдэнэт” үйлдвэр дээр өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас онцгой дэглэм тогтоож төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг хийж байсан. Тэр үед лацдаж, ломбодож эрхийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байсан.

“Эрдэнэс тавантолгой” дээр авч байгаа онцгой дэглэм бол “Эрдэнэт”-ээс тэс өөрөөр явагдана.

Үндсэн зорилго маань юу вэ гэхээр Засгийн газрын 362 дугаар тогтоол буюу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэл дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой.

“Эрдэнэс тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Энэ төслийг санхүүжүүлж ажиллах хүрээндээ оптек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж борлуулах, мөн зарим төслийг шууд нүүрсний борлуулалтаар буюу бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн байдаг.

Эдгээр үйл ажиллагаанд нь Засгийн газрын зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх, алдаа дутагдал байвал засаж залруулах чиглэлийг авч ажиллах бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байна" гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..