© Tseg.mn. 2011-2022
Улс төр

АЙЛЧЛАЛ: БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.26/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ хоорондын харилцаа өнгөрсөн 32 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн манай гуравдагч хөрш, ойр дотнын түнш орон юм.  Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Үүн дээрээ тулгуурлан парламентын ардчиллыг бэхжүүлэн төгөлдөржүүлэх чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, тэр дундаа БНСУ-ын Үндэсний ассамблейгаас хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулдаг арга хэлбэр, гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцооны сайн туршлагаас суралцах зүйл бидэнд бий хэмээн тэмдэглэв.

Мөн Монгол, Солонгос хоёр улс байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж байгааг тэмдэглээд, ногоон эдийн засагт суурилсан бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг хоёр талаас дэмжиж  ажиллахын чухлыг онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотолж, цаашид Парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа болж буйг онцолсон юм.

Ноён Ким Жин Пё хоёр улсын ойр дотны найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэхийн чухлыг дурдав.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай бол БНСУ технологи, инновац, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй бөгөөд эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон хэмээн онцлоод парламентаас дэмжиж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..