© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Монголч эрдэмтэн Жак Уэтерфордод  “Чингис хаан” одонг гардуулахаар болжээ

Монгол бахархлын өдрөөр Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд “Чингис хаан” одонг гардуулахаар болсон байна. Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Макалейстрийн коллежийн профессор, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд Монголд ирээд байгаа юм байна.

Тэрбээр  “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номоороо монголчуудтай танил болсон эрхэм билээ.

Ташрамд сонирхуулахад Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог юм байна. Үүнд:

Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..