© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Эрээнд Covid-19 батлагдаж дахин 3 хоног хилээ хаалаа

Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.
 
Тэгвэл арваннэгдүгээр сарын 9-нд дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж хөл хорио тогтоож, 14-нөөс хориог сулруулсан. Гэвч өчигдөр тус хотод халдварын нэг тохиолдол батлагдаж дахин гурав хоногийн хорио тогтоожээ.
 
Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр Covid-19-ийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор 23-25-нд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийж байна.
 
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.
 
Эрээн хотод Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авах бөгөөд үүний дараагаар гурав хоногийн дараа  хэвийн нөхцөлд шилжих эсэх  шийдвэрийг гаргана гэжээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:
 
Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..